Онцлох мэдээ

Орон нутгийн үндсэн хуулийг баталлаа

 

 

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар орон нутгийн үндсэн хууль гэгдэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа. Хуулийг 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан баталж буй. Ингэхдээ иргэдэд хамгийн ойр нэгж болох баг, хорооны эрх зүйн байдпыг тодорхой болгож, сум, дүүргийг орон нутгийн өөрийн удирдлагын бие даасан суурь нэгж байхаар тусгав. Мөн орон нутгийг улс төрөөс ангид байлгах зорилгоор ИТХ үйл ажиллагаагаа намын бүлгээр бус байнгын болон түр хороо, ажлын баг зэрэг дотоод зохион байгуулалтын бүтэц, арга хэлбэрээр явуулах зохицуулалтыг оруулжээ. Орон нутгийг бие даалгах, эдийн засаг, нийгмийн асуудлаа шийдвэрлэх эдийн засаг, нийгмийн цогцолбор болгох чиглэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тодорхой хувийг тухайн нэгжид хуваарилахаар тусгасан юм. Засаг даргад нэр дэвшүүлэх, түүнийг огцруулах үндэслэл, журмыг Үндсэн хуульд нийцүүлэн "томилох" гэсэн агуулгаар гүнзгийрүүлэн зохицуулжээ. Ингэхдээ төрийн бодлогын, хууль тогтоомжийн биелэлтийн талаар Засаг дарга дээд шатны Засаг даргын өмнө хариуцлага хүлээх зарчмын дагуу огцруулах асуудлыг дээд шатны Засаг дарга шууд шийдвэрлэж байхаар тусгав.